2009-06-18

Монгол улс Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо.

Цахиагийн Элбэгдорж Монгол улсын ерөнхийлөгч боллоо. Монгол улс Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо. Өөрчлөлт ирэх цаг боллоо. Төр нь ард иргэдийнхээ туслагч болох цаг ойртлоо. Хувь хүн, хүний эрх чөлөөг төрөөс дээгүүр тавин хүндэтгэх цаг боллоо. Төр баян биш, Иргэн баян, Төр хүчтэй биш, Иргэн хүчтэй байх нөхцөл бололцоо бий болох цаг ирлээ.

Элбэгдорж таны ажил үйлсэд амжилт хүсье.

2009-06-06

Сонгодог урлаг...

Уржигдар Монгол Улсын Филармонийн Лекц концертийг сонирхон үзлээ. Лекц концерт гэсний учир нь нэг хөгжим явсны дараа мэргэжлийн урлаг судлаач тухайн хөгжмийг яагаад ингэж тоглож байгаа, хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэлийн илрэл хэрхэн гарч байгааг тайлбарласан юм. Над шиг “анхлан суралцагчдад” их сайхан концерт боллоо.
Улсын филармони, симфони найрал хөгжмийнхөн маань Норвегийн алдарт хөгжмийн зохиолч Эдвард Грег (Edvard Grieg)-ийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох Пер Гунтийн (Peer Gynt) жүжгийн хөгжим, 2 suite (Урлагийнхан хэд хэдэн хөгжмийг “цуглуулан багц”-лахыг suite гэдэг юм байна л ээ.)-ийг үнэхээр уран чадварлаг тоглолоо.
Тус хоёр suite-д багтдаг дараах хөгжмийн бүтээлүүдийг бүгдийг нь филармоний хөгжимчид тоглосон юм.

Suite 1, Опера. 46
  1. Өглөөний араншин (Morning mood)
  2. Озигийн үхэл (Aase’s Death) – Ер нь хөгжимд нэг эгшиг, нотон дээрээ удаан “барих”-ыг “үхлийн ая”, төгсгөл, харуусал, гашуудал гэдэг юм байна л ээ. Нээрээ ч үүнийг энэ хөгжмөөс мэдэрч болно шүү.
  3. Анитрагийн бүжиг (Anitra’s Dance)
  4. Уулын савдгийн агуйд (In the Hall of the Mountain King)
Suite 2, Опера. 55
  1. Ингридийн харуусал (Ingrid’s Lament) - Жүжгийн гол баатар болох Пер Гунтийг хаясан, дараа нь харуусаж буй Ингридийн хөгжим.
  2. Араб бүжиг (Arabian Dance) – Хөгжмийн зохиолч маань тухайн үеийн европын хөгжмийг их бичдэг байсан учир Араб аяыг арай “буруу төсөөллөж” энэ хөгжмийг гэж концертын лектор, тайлбарлагч маань тодотгож байсан ;).
  3. Пер Гунт гэртээ буцаж ирсэн нь (Peer Gynt’s Homecoming) – Пер Гунт гэртээ очих замд тохиолдсон далайн шуурга, адал явдлуудыг илэрхийлсэн хөгжим.
  4. Солвигийн дуу (Solveig’s Song) – Пер Гунтийг хүлээж суугаа хайрт бүсгүйн хөгжим.
30 орчим мэргэжлийн хөгжимчид жинхэнэ амьдаар тоглоно, тэр амьд сайхан аялгууг яг хажуунаас сонсоно гэдэг ёстой сайхан юм байна л ээ. Дотроос бүүр огшоод, тархи амраад, үгээр хэлэхийн аргагүй...
Доор хамгийн алдартай 3 хөгжмийн агуу бүтээлийг тавилаа. Тухтай, анхааралтайгаар сонсоод үзээрэй.

Өглөөний араншин (Morning mood)
Яг л өглөө болж, нар мандаж, цэнгэг тунгалаг агаар нь мэдрэгдэх шиг сайхан хөгжим Норвеги орон байгалиараа бас их шагшигддаг, хөгжмийн зохиолч тэр сайхан мэдрэмжээр энэ хөгжмийг бүтээсэн нь лавтай. Үлээвэр хөгжмийн зэмсгийн гайхамшиг...


Анитрагийн бүжиг (Anitra’s Dance)
Нэг л ёжтой, егөөдөлтэй, хошин аястай гоё хөгжим. Цаанаа бас нэг сайхан бүсгүйн дүрийг илэрхийлээд байгаа...


Уулын савдгийн агуйд (In the Hall of the Mountain King)
Энэ бол Эдвард Грегийн хамгийн алдартай хөгжим байх. Надад тэгж санагдаад байгаа. Намуун аяар аяас эхэлж, цаашлах тусам улам чангарч, хэмнэл хурдасч хамгийн оргил цэгтээ хүрч дуусдаг. Их бадрангуй, урагш чиглэсэн хөгжим шиг. Хамгийн хүчирхэг чадалтай хөгжмийн зэмсэг болох гуулин хөгжмийн зэмсгүүд (бүрээ), бөмбөр... Доор тавьсан youtube дээрх хөгжим дээр бүр голоороо нь опера орж ирэн бүүр их сүр жавхлантай болгож байгаа (гэхдээ улсын филармонийнхан маань дуулаагүй, зөвхөн хөгжмийг тоглосон. Гэсэн хэдий ч амьд хөгжим үнэхээр сайхан).


Хөгжимд ердөө л гурван техник нөлөөлдөг гэсэн.
1. Чангаас сул, сулаас чанга
2. Ая хөг
3. Хурднаас удаан, удаанаас хурдан (хэмнэл)
Энэ гурван зүйлийг яаж хослуулахаар ийм сайхан хөгжмийн бүтээл туурвидаг байна аа. Эдвард Грег танд баярлалаа.

2009-05-19

Эх сурвалжаа оллоо, би...

Би саяхан Айн Рэндийн “Эх сурвалж” (The Fountainhead) хэмээх номыг уншиж дуусгалаа. Амьдралдаа уншиж байсан номнуудаас хамгийн АГУУ, БИШИРМЭЭР ном байлаа. Би олон ном уншиж байсан ч ингэж соронзон мэт татсан, салахын аргагүй, маш олон зүйлийг дахин дахин бодож тунгаахад хүргэсэн ном даанч байсангүй. Хэдэн өдөр энэ номноос салж чадсангүй. Хоёр Ням гариг бүхэл өдөржингөө, хэд хоног ажлынхаа бус цагаар энэ номыг тэвэрч, өвөртлөж уншлаа. Хүн анх уншихад нэг кинон дотор яваад байгаа юм шиг олон адал явдал тохиолдоод байгаа мэт боловч яг тухайн дүрийн хэлсэн үг, утга санаа, дүрүүдийн зан төрх, байгаа байдал, үйл явдлын авцалдаа, зохиомжууд нь “толгой задалмаар”, олныг тунгааж бясалгах, ухаарахад хүргэмээр агуу бүтээл болжээ.
Хувь хүн, өөрийгөө дээдлэх, хүндлэх гэсэн санааг зохиолч, философич Айн Рэнд (одоо би түүнийг агуу философич гэмээр байна) маш чадварлагаар гаргасан байх юм. Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд энэхүү романдаа нэвт шингэтэл нь тусгажээ.
Өөрийнхөөрөө байх, өөрийгөө дээдлэн хүндлэх гэсэн үзэл бодолдоо үнэнч тууштайгаар тэмцэгч романы гол дүр, баатар Ховард Роарк ажил амьдралд нь тохиолдож буй асуудал, бэрхшээлүүдийг (гэхдээ түүний хувьд энэ нь бэрхшээл биш, хамгийн аймаар зүйл нь өөрийгөө хүндэтгэхгүй байх явдал) даван туулж, өөрийн аз жаргалаа олж байдаг (Зохиолч өөрийнхөөрөө байх нь хамгийн том аз жаргал байдгийг ингэж харуулсан байх). Ховар Роаркийн дүрийг тодотгохоор бүхэл бүтэн ертөнцийг бий болгосон байх юм. Хот, хүмүүс, үйл явдал, зохиомж, тэдгээрийн хоорондох эргэлт, холбоо... Питер Кийтинг, хатагтай Кийтинг (Питер Кийтингийн ээж), Катерин, Гай Франкон, хатагтай Доминик (Гай Франконы охин), Хэнри Камерон, Элсворт Түүхэй, Гай Уайнанд гэсэн гол дүрүүдээс гадна олон арван бүгд бие даасан, өөрийн гэсэн ертөнц, амьдралтай дүрүүдээр роман хөглөгдөнө. Эдгээр гол дүрүүдийг цухас дурьдвал
  • Питер Кийтингийн дүрээр хэдийгээр нэр алдар, эд хөрөнгө, мөнгийг “цогцлуулж” чадсан ч “өөрийгөө хүндлэх сэтгэлгүй” болсноор амьдрал нь ямар ч утга учиргүй, зүгээр л сүнс мэт хүн хэрхэн бий болдог, бусдаар амьдарч хүнийг,
  • Элсворт Түүхэйгийн дүрээр олонхийг толгойг хэрхэн “угааж”, түүний үр дүнд эрх мэдэлд хүрэх гэсэн хүнийг (Бусдаар хүрээлүүлэх, тэднийг татах, эрхэндээ барих, эрх мэдэлд хүрэх ганцхан арга нь өөрийгөө гэх сэтгэлгүй болгох, нийтийн төлөө гэсэн “номхон хонь болгох”),
  • Гэйл Уайнанд дүрээр өөрийнхөөрөө амьдраагүй, олонхийн сэтгэл санаагаар амьдарч, эрх мэдэлд хүрсэн хэдий ч дараа нь Ховард Роаркоос өөрийн үнэн сэтгэлээ таних хүнийг,
  • Хэнри Камероны дүрээр нийгмийн цөөнх, гоц хүмүүс хэрхэн яаж олонхийн “хог шаар” болдог талаар
  • Доминик Франконгийн дүрээр Ховард Роаркийн нэгэн адил өөрийн үзэл, өөрийгөө гэх сэтгэлтэй, үнэнч бүсгүйг
тус тус үзүүлжээ. Эдгээрээс гадна романд дурьдагдах бүхий л дүрүүдээр хүмүүн гэдэг “амьтны” зан араншин болох атаа жөтөө, дур хүсэл, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх шунал тачаал, үнэнч чин сэтгэл гээд л бүхий л зүйл гарна.
Хүн өөрийгөө дээдлэн, өөрийнхөөрөө байх (individualism), үзэл бодол, баримтлалаараа амьдралаа өөрөө цогцоолон бүтээх хэмээх гэсэн чин хүслээ Айн Рэнд “ялуулж” төгсгөжээ. Магадгүй Айн Рэнд өөрөө романтизм, объектизм, хувь хүнийг дээдлэх үзлийг үнэн чин сэтгэлээсээ хүсч байсан учир ингэж сайхан төгссөн байх. Тэр хүн ийм сайхан орчин, нийгмийг хүсэн мөрөөдөж амьдралаа туулсан гэхээр... Тэр хүн ийм зүйлийг мөрөөддөг олон мянган хүмүүсийн нэрийн өмнөөс үүнийг хийсэн юм. Айн Рэнд хувь хүнийг дээдэлдэг тийм л ертөнцийг хүссэн юм...
Энэ ном бол миний хувьд амьдралын философийг үнэхээр эмх цэгцтэй ойлгоход минь тусалж чадсан АГУУ НОМ боллоо. Би амьдралдаа номыг ингэтлээ их биширч байсангүй. Яагаад гэвэл энэ ном намайг улам бат болгож өглөө. Хүний сэтгэл дотор байдаг “хүсэл мөрөөдөл, өөрийнхөөрөө байх, өөрийгөө хүндлэх, дээдлэх” гэсэн энэ гал цог нь хамгаас үнэтэй ҮНЭТ ЗҮЙЛ юм байна.